Мэдээ мэдээлэл
Нүүр Мэдээ мэдээлэл

“Эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2017.8.25

“Эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Lean In Mongolia-гийн зүгээс “Эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж” хэлэлцүүлгийг БЭЭТ болон Голомт Банктай хамтран 2017 оны 8-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийн зорилго нь микро болон жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрүүд болон бизнесийн зөвлөх үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг салбарын мэргэжилтнүүдээс авах, санхүүгийн эх үүсвэрийн хүртээмжийн талаар санал бодлоо солилцох байсан юм

Хэлэлцүүлгийн үеэр Голомт Банкны Жижиг, дунд бизнесийн хэлтсийн ахлах менежер Э.Мөнхзул тус банкнаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв (БЭЭТ)-д үзүүлдэг санхүүжилтийн зөвлөх үйлчилгээ болон зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулав. Голомт Банкны зүгээс БЭЭТ-өөр дамжин боловсрогдсон бизнесүүдийн зээлийн барьцаа хөрөнгийн 80%-д зээлийн батлан даалт олгодог болохыг онцолж байлаа. 

Харин ХасБанкны Эко Банкны хэлтсийн төсөл хөгжүүлэлтийн менежер Изабелла Берсани тус банкны Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээл болон Эко Банкны хэлтсээс санал болгож буй Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах бизнесийн зээлийн талаар танилцуулав. ХасБанкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүгийн хэмжээ энгийн зээлийнхээс жилийн 2.4%-иар бага аж.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь Улаанбаатар хотын эдийн засагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд байгуулагдсан ба бизнесийн сургалт, өдөрлөг зохион байгуулахаас гадна инкубаторын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус төвийн Сургалт хариуцсан менежер Г.Оюунчимэгийн онцолсноор эмэгтэй бизнес эрхлэгчид тодорхой бүтэц бүхий сургалтуудад хамрагдсны дараа ахиц дэвшил гаргаж бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх нь их байдаг гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 30 гаруй эмэгтэйчүүд оролцсноос 70-аас дээш хувь нь хувиараа бизнес эрхлэгч байлаа. Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эх үүсвэрүүд болон бизнесийн зөвлөх үйлчилгээнүүдийн талаар шинэ соргог мэдээлэл авахаас гадна энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй холбоо тогтоох боломж бүхий үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ баярлалаа!